Үйлдлийн системийн програм хангамж нь
хэрэглээний програм хангамжийн зааврыг гүйцэтгэх, төхөөрөмжүүдийн ажиллагааг
хянах, төхөөрөмжүүд хэрхэн холбогдож ажиллахыг удирддаг. Жишээ нь: үйлдлийн
систем нь хэрэглэгч лазер дискнээс компьютер руу файл хуулах үед дискийн
байгууламжид диск байгаа эсэх, мөн шаардлагатай файл байгаа эсэхийг шалгадаг.
Орчин үед хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйлдлийн системд Microsoft фирмийн
Windows XP sp3, Windows Vista, Windows 7, Apple фирмийн Linux, Mac OS үйлдлийн
системийн програмуудыг нэрлэж болно.
Үйлдлийн систем нь хэд хэдэн чухал үйлдлийг
гүйцэтгэдэг. Түүний нэг нь зэрэгцсэн процесс /multitasking/ бөгөөд өөрөөр
хэлбэл энэ нь нэгэн зэрэг хэд хэдэн програмтай ажиллах боломж юм. Түүнчлэн
дараалсан процессийг зохицуулах, системийн нууцлал, хамгаалалтын асуудлуудыг
/security/ хариуцаж байдаг.
Үйлчилгээний програм хангамж
Системийн програм хангамжийн нэг ангилал нь үйлчилгээний
програм хангамж /Utility software/ юм. Энэ програм хангамж нь үйлдлийн
системийг нэмэлт функцүүдээр хангаж ажиллана. Үйлчилгээний програм хангамжийн
гол төлөөлөгч нь вирусны эсрэг програм хангамжууд юм. Вирус нь файлыг эвдэх гэх
мэт хорлонтой үйлдлүүдийг агуулсан компьютерийн програм хангамж юм. Судалгаагаар
дэлхийд сард 200-300 төрлийн вирусыг шинээр бий болгодог гэсэн мэдээ байдаг.
Эдгээр вирусуудыг устгах зорилгоор вирусын эсрэг програм хангамжуудыг
боловсруулан ашигладаг.
Вирусын эсрэг програм хангамжаас гадна үйлчилгээний
програм хангамжид дараах төрлийн програмууд орно.
Crash-proof software (эвдрэлээс хамгаалсан програм хангамж) — Энэ нь
гадны нөлөөнөөс хамаарч компьютерийг механик аргаар унтраагаад асаасан
тохиолдолд компьютерийн системд эвдрэл гарсан эсэхийг шалгадаг програм хангамж
юм.
Uninstaller software — Нэгэнт суулгасан програм хангамжийг хатуу дискнээс
устгах үед энэ програм хангамжийг ашиглана.
Disk optimization software — Хамгийн үр ашигтай байдлаар хатуу дискийн
мэдээллийг зохион байгуулж байдаг програм хангамж юм.
Техник хангамж
Компьютерийн системийг бий болгож байгаа физик
төхөөрөмжүүдийг техник хангамж (Hardware) гэж нэрлэнэ. Техник
хангамжийн хэрэгслүүдийг дэлгэрүүлэн үзье. Үүнд: оролтын төхөөрөмж, гаралтын
төхөөрөмж, төв процессор ба санах ой, хадгалах төхөөрөмж, харилцаа холбооны
төхөөрөмж, эх хавтан ба техник хангамжуудын холболт орно.
Оролтын төхөөрөмж
Компьютерийн оролтын төхөөрөмжийг ашиглан төрөл
бүрийн мэдээллийг компьютерт оруулдаг. Оролтын төхөөрөмжид хулгана (mouse),
товчлуурт гар (keybaord), чиглүүлэгч бөмбөлөг (trackball), мэдрэмжит дэвсгэр (touchpad),
сканнер (scanner), дижитал камер (digital view camera), видео камер (video
digital camera) гэх мэт төхөөрөмжүүд орно.
Товчлуурт гар нь хамгийн энгийн оруулах
төхөөрөмж бөгөөд хэлбэр, хэмжээ, загварын хувьд өөр өөр байж болно.
Хулгана бол компьютерт мэдээллийг зааж оруулдаг
төхөөрөмж юм.
Чиглүүлэгч бөмбөлөг нь сууриараа хөдөлдөггүй,
харин зөвхөн дээд талд байрлах бөмбөлгийг хөдөлгөн заагчийн үүргийг
гүйцэтгэдэг.
Мэдрэмжит дэвсгэр нь нь түүний дэвсгэр талбарт
хуруугаараа тэмтрэхэд дэлгэцэн дээрх заагчийг ижил чиглэлд хөдөлгөх үүрэгтэй.
Сүүлийн үед дэлгэцэнд мэдрэгчтэй зөөврийн болон ширээний компьютерүүд олширч
байна.
Сканнер нь дүрс, фото зураг гэх мэт зурган
мэдээллийг компьютерт хуулж оруулах үүрэгтэй.
Дижитал камер (Зураг 3) нь тодорхой агшны
зургийг авч компьютерт оруулдаг. Харин дижитал видео камер нь дуу авиа бүхий
хөдөлгөөнтэй дүрсийг авч компьютерт оруулдаг төхөөрөмж юм.
Гаралтын
төхөөрөмж
Гаралтын төхөөрөмж нь компьютерт боловсруулсан
мэдээллийг хэрэглэгчдэд зориулан ойлгомжтой хэлбэрээр харуулах үүрэгтэй.
Гаралтын төхөөрөмжийн хамгийн энгийн хэлбэр нь монитор (monitor), хэвлэх
төхөөрөмж (printer), чанга яригч (speaker) зэрэг төхөөрөмжүүд юм.
Сүүлийн үеийн програм хангамжуудын үр дүн нь
мультмедиа хэлбэрээр илэрдэг. Мультмедиа нь дуу авиа, текст, график, хөдөлгөөнт
дүрсийг багтаасан мэдээллийг танилцуулах хэлбэр юм. Speaker нь дуу
авиаг сонсдог төхөөрөмж юм.
Монитор нь компьютерт боловсруулсан мэдээллийн
үр дүнг хэрэглэгчдэд зориулан харуулах төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч
мониторт компьютер дээр хийж байгаа бүхий л үйл ажиллагаагаа хянах боломжтой.
Мониторын дэлгэцэн дээр харуулж байгаа мэдээлэл нь тэмдэгт, дүрс зураг (график)
хэлбэрээр харагддаг. Одоогоор дэлгэцийн үндсэн технологи нь CRT (Cathode Ray Tube
) ба LCD (Liquid crystal display)-д суурилсан байдаг. CRT нь кинескоп бүхий
зурагтын зарчимтай байдаг. Харин LCD нь шингэн кристалл дэлгэц буюу 2 хавтгай
шилэн дунд химийн урвалд оруулсан шингэн бүхий савнуудыг байрлуулан гүйдэл
залгахад өндөр нарийвчлалтай олон өнгийг харуулах боломжтой дэлгэц. Сүүлийн үед
TFT-LCD (Thin Film Transistor Liquid Crystal Display) технологийн дэлгэц өргөн
хэрэглэгдэж байна. TFT нь нэг транзистороос дөрвөн транзисторт pixe бүрийг цацах байдлаар хамгийн өндөр дэлгэцийн нягтралыг
гаргаж байгаа active-matrix LCD технологи юм.
Хэвлэх төхөөрөмж нь компьютерт боловсруулсан
мэдээллийн үр дүнг цаасан дээр буулгадаг төхөөрөмж юм. Сүүлийн үед бэхэн (inkjet),
лазер (laserjet) гэсэн 2 төрлийн хэвлэх төхөөрөмжийг түгээмэл ашиглаж байна.
Харин зарим дэлгүүр болон тооцооны төвүүдэд зүүн хэвлэх төхөөрөмжийг (dot
matrix printer) одоо хүртэл хэрэглэсээр байна.
Хэвлэх төхөөрөмжийн хэвлэх чанарыг dpi (dot
per inch) буюу нэг инч дэхь цэгийн тоогоор хэмждэг. Dpi өндөр байх тусам
хэвлэлтийн чанар өндөр байдаг.
Бэхэн хэвлэх төхөөрөмж нь бэхийг цацаж
хэвлэдэг. Бэхэн хэвлэгч дараах үндсэн төрлүүдтэй байна.
Энгийн зориулалттай хэвлэгч — Хар, цэнхэр, ягаан,
шар өнгийн бэхүүдийг ашиглаж хэвлэдэг.
Фото зургийн зориулалтын хэвлэгч — Хар, цэнхэр,
ягаан, шар, тод ягаан, тод цэнхэр өнгийн бэхүүдийг ашиглан өнгөний нягтралыг илүү
сайн гаргаж өгдөг.
Лазер хэвлэх төхөөрөмж нь хувилагч машинтай
адил электрон статик процессыг ашиглан дүрсийг хэвлэнэ. Лазер хэвлэх төхөөрөмж
нь өнгөт, хар гэсэн 2 төрөл байдаг.
Төв процессор, шуурхай санах ой
Төв процессор (CPU) ба шуурхай санах ой (RAM) нь
үндсэн боловсруулах төхөөрөмж бөгөөд бусад нь дагалдах (peripheral devices)
төхөөрөмжүүд болно.
Компьютерийн тархи хэмээн нэрлэх төв процессор,
шуурхай санах ой нь мэдээллийг боловсруулдаг хамгийн чухал элементүүд юм. CPU
буюу процессор нь програм хангамжаас хүлээн авсан зааврыг гүйцэтгэдэг
хавтгай жижиг дөрвөлжин доод талдаа зүүт холбогчтой чип (chip) юм. Энэхүү
төхөөрөмж нь эх хавтанд зүүт холбогчуудаараа суурилдаг бөгөөд эх хавтангийн
технологиос хамаарч чадал нь өөр өөр байна. Процессоруудыг хооронд нь
харьцуулах шинжүүр бол тэдгээрийн ажиллах хурд юм. Төв процессорын хурдыг
ихэвчлэн мегагерц (MHz), гегагерц (GHz)-ээр хэмждэг. Нэг мегагерц гэдэг
нь процессор секундэд 1 сая удаа эргэнэ гэсэн үг. Харин нэг гегагерц гэдэг
нь процессор секундэд 1 тэрбум удаа эргэнэ гэсэн үг юм. Секундэд эргэх
эргэлтийн тоогоор програм хангамжийн зааврыг хир зэрэг хурдан гүйцэтгэхийг
тодорхойлж болно. CPU ажиллах явцдаа халалт үүсгэдэг учраас хөргөх төхөөрөмжийг
түүн дээр суурилуулж өгдөг.
RAM (Random Access Memory) буюу шуурхай санах ой (Зураг
4) нь төв процессорт шаардлагатай мэдээлэл болон програм хангамжийн зааврыг
өөртөө тодорхой хугацаанд ачааллаж байдаг. Үүнд: үйлдлийн системийн заавар,
хэрэглээний програм хангамжийн заавар, хэрэглэгчийн ашиглаж буй мэдээлэл, хулганы
хөдөлгөөн, гарын товчны даралт гэх мэт орно.
Компьютерт өгөгдөл хэрхэн хөрвөдгийг тайлбарлавал:
компьютер нь үйлдлийг гүйцэтгэхдээ тийм, үгүй гэсэн хариу цахилгаан пульсыг
ашигладаг. Мэдээллийн хамгийн бага хэмжих нэгж нь binary digit (bit) юм. Bit нь
0, 1 гэсэн тоогоор илэрхийлэгддэг буюу тооцоолол нь хоёртын тооллын системээр
хийгддэг. Хэрэглэгчийн оруулсан өгөгдлийг компьютер нь ASCII (American Standart
Code for Information Interchange) кодыг ашиглан хоёртын тоололд хөрвүүлдэг. Энэ
кодод бидний хэрэглэж заншсан тэмдэгтийг 8 bit-ээр бүрдүүлдэг бөгөөд үүнийгээ 1
byte гэж нэрлэдэг. Жишээ нь, гараас “халх” гэдэг үг шивэхэд энэ нь 4 byte
хэмжээтэй мэдээлэл болох бөгөөд RAM-д хадгалагдахдаа дараах байдлаар хөрвөсөн
байна.
No comments:
Post a Comment